Хятадын 25 сая хүн амтай, санхүүгийн нийслэл гэгддэг Шанхай хот 3 дахь долоо хоногтоо хатуу локдаун, хөл хорионд байна. COVID-19 коронавирусний омикрон хувилбар Шанхайд эрчтэй дэгдэн, шинж тэмдэггүй цар тахлын халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа юм.
Шанхайд тогтоосон локдаун коронавирус анх дэгдэж байхад Ухань хотыг бараг 2 сарын туршид хорьж байснаас хойшхи хамгийн томоохон хөл хорио болжээ. Шанхай хотын иргэдийг гэрийн хорионд авч, карантинд орсон хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлаж, эзэнгүй нохой муурыг шууд устгалд оруулж байна.
Гэрийн хорионд байгаа иргэд хоол хүнсгүй хоцорч, хүргэлтийн үйлчилгээ хүрэлцэхгүй байгаа юм. Шанхай хотод анх хөл хорио тогтоохдоо хотыг хоёр хэсэг болгон ээлж дараагаар локдаун тогтоож, зүүн хэсэгт хөл хориог 4-р сарын 1-нд цуцалж, баруун хэсэгт тавьсан хориог 4-р сарын 5-нд цуцлах ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл бүх нийтийг хамарсан хөл хорио мөрдөгдсөөр байна.
Шанхай хотын авто замууд хаагдаж, онгоц нисэхгүй, нийтийн тээвэр үйлчлэхгүй байгаа юм. Сургууль, үйлдвэр албан байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, гадаа гудамжинд зөвхөн сайн дурынхан, эмч нар, тусгай зөвшөөрөлтэй хүмүүс л гарах боломжтой байна. Шанхай хотод 60 мянган цэгээр дамжуулан иргэдээсээ шинжилгээ авч, бусад хотуудаас эмнэлгийн 10 мянган ажилтан ирж ажиллаж байна. Хотод сүүлийн 24 цагт цар тахлын 25 мянган шинэ тохиолдол илэрсний дийлэнх нь шинж тэмдэггүй байгаа юм.