БНАСАУ шинэ пуужин туршлаа

Технологи-360

Умард Солонгосын тал энэ сарын 28-нд шинээр пуужингийн туршилт явуулж, дуунаас хурдан Хвасон-8 пуужинг амжилттай туршсан байна. Энэ талаар Пхеньяны албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. 

Умард Солонгосын тал шинэ загварын пуужингийн туршилтаа улсынхаа хойд хэсэгт байрлах Чагандо мужийн полигоноос явуулжээ. Дуунаас хурдан пуужингийн туршилт амжилттай болсныг Пхеньяны албаны эх сурвалж мэдээлэн, Умардын тэргүүлэгчид энэхүү туршилт стратегийн чухал ач холбогдолтой туршилт болсныг тэмдэглэжээ.

Пуужингийн туршилтыг энэ улсад шинээр байгуулагдсан Хурдан пуужингийн анги явуулж, галт тэрэгнээс пуужин харвах туршилтаа давтсан байна.

Дуунаас хурдан шинэ загварын пуужин турших үеэрээ түүнчлэн пуужингийн манёврлах чадвар, бат бэх байдлыг баталгаажуулахын зэрэгцээ техникийн үзүүлэлтийг давхар шалгасан байна.

Мөн түүнчлэн Пхеньяны албаны эх сурвалжийн мэдээлэлд дурьдсанаар Умард Солонгосын армийн цэргийнхэн пуужингийн хөдөлгүүр болоод түлшний системийн тогтвортой ажиллагааг мөн давхар шалгажээ. Одоогоор Хвасон 8 пуужин ямар зай туулсан талаар тодорхой мэдээлээгүй байгаа юм.

Хвасон төрлийн шинэ загварын пуужинг Умард Солонгосын цэргийн шинжлэх ухааны академийн стратегийн зэвсэг бүтээх таван жилийн төлөвлөгөөний хүрээнд бүтээн угсарсан байна.