“Сhina Mobile” дараагийн 6G технологийг нэвтрүүлэх судалгааны ажлаа эхлүүлжээ

Технологи-360

Хятадын харилцаа холбооны акул компани China Mobile (Чайнэ Мобайл) энэ долоо хоногт үүрэн харилцаа холбооны технологийн зургаа дахь үеийн 6G технологийн хөгжил, чиг хандлагын талаарх баримт бичгийг  гаргалаа.

Хятадын харилцаа холбооны акул компани China Mobile (Чайнэ Мобайл) энэ долоо хоногт үүрэн харилцаа холбооны технологийн зургаа дахь үеийн 6G технологийн хөгжил, чиг хандлагын талаарх баримт бичгийг  гаргажээ. 6G технологи нь одоо судалгааны үе шатанд байгаа, өмнөх үеийн сүлжээнээс хэд дахин илүү хурдтай их хэмжээний өгөгдөл дамжуулах боломжтой юм байна. Мягмар гарагт China Mobile компани салбартаа анхдагч гэхдэх “6G Сүлжээний Архитектур Технологийн Цагаан баримт бичиг”-тээ шинэ сүлжээн нэвтрүүлэх хэд хэдэн төлөвлөгөөгөө танилцууллаа. Мэдээлэлд дурдсанаар, 6G сүлжээг metaverse зэрэг бусад технологитой нягт холбоотой байхаар загварчилж, хэрэглэгчдэд өмнөхөөсөө илүү үр ашигтай, уян хатан үйлчилгээг санал болгох гэнэ. Тус компанийн дэд ерөнхийлөгч Гао Тонгчин ярихдаа,"6G технологи нь сансар, агаар, дэлхийг холбосон ухаалаг, аюулгүй, ногоон сүлжээг бий болгож, миллисекундээс ч хоцрогдол багатай болгоно. Энэ нь хиймэл оюун ухаан болон бусад технологитой холбогдох боломжтой" гэжээ. Салбарын мэргэжилтнүүд 6G сүлжээ нь алслагдсан бүс нутгууд, тэр байтугай далайн дээрх одоогийн 5G сүлжээний сул холболтыг улам сайжруулах болно гэж үзэж байна.

Хятад улсад одоо 2019 оны есдүгээр сард ашиглалтад оруулж эхэлсэн 5G мобайл сүлжээнд 400 сая гаруй хэрэглэгч холбогдсон байна. Тус улс 6G-ийн судалгаа, хөгжүүлэлтийн дэмжлэгийг нэмэгдүүлж, цаашдаа 6G-ийн олон улсын стандартыг бий болгоход оролцохоор төлөвлөж байгаагаа онцолжээ.  Хятадын Инженерийн академийн судлаач Ву Хэчуан ярихдаа, эхний шатанд бид голчлон 6G-гийн эрэлтийн судалгаа хийж, техникийн хөгжлийг хэлэлцэж байна. 2023-2024 он гэхэд 6G стандартын судалгааг эхлүүлж магадгүй гэжээ. Тэгвэл  Samsung болон Nokia зэрэг дэлхийн технологийн тэргүүлэгчид 6G-ийг 2030 онд арилжааны зах зээлд гаргана гэж үзэж байгаа юм.