Улс төр

НҮБ, Чилид өрнөөд байгаа иргэдийн жагсаал цуглааныг эв зүйгээр шийдвэрлэхийг уриалж байна. НҮБ-ын албаны хүн болох Стефан Дюжаррик энэ талаар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийжээ. 

Нью Йорк хотноо хэвлэл мэдээллийнхэнд хийсэн мэдээлэлдээ Стефан Дюжаррик Чилид өрнөөд байгаа үйл явцын талаар мэдээлэл өгч, Чилийн эрх баригчдад хандан улс орондоо дэгдээд байгаа эмх замбараагүй байдал, олныг хамарсан жагсаал цуглааныг эв зүйгээр шийдвэрлэж, хямралыг гааруулахгүй байхад уриалсан байна. Чилид ням гарагт жагсагчид болоод хууль сахиулагчдын хооронд ширүүн мөргөлдөөн болж, эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 10-аад хүн амь насаа алдаад байгаа юм. Чилийн эрх баригчид улс орондоо дэгдсэн эмх замбараагүй байдлын  улмаас онцгой байдал зарласан хэдий ч нөхцөл байдал хүнд хэвээр байгаа юм. НҮБ-ын албаны хүн Чилийн эрх баригчдад хандан хүний эрхийг дээдлэн, улс орондоо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг газар авхуулалгүй зохицуулахад уриалжээ.