“Ковид-19” халдварт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд өртөж байна  

Ковид-19 /дотоод/

Хүүхдүүдийн дунд коронавируст халдвар их байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Ялангуяа вакцинд хамрагдаагүй насныхан халдварт ихээр өртөх болжээ.  Өнөөдрийн байдлаар 1200 гаруй хүүхэд коронавируст халдварт өртөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хичээл эхэлж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг албаныхан санууллаа.

Ковид-19 халдварт өртөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 1,212 хүүхэд байна. Эдгээрийн багагүй хувийг вакцинд хамрагдаагүй 12 хүртэлх насныхан эзэлж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Танхимын хичээл сургалт эхэлж байгаа энэ үед хүүхдүүдийг халдварын эрсдлээс сэргийлэх дэглэмийг сайтар баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас  сануулж байна.

Ялангуяа хүүхдийг зөвхөн гэр-сургууль гэсэн маршрутаар зорчуулах шаардлагатайг анхаарууллаа. Эцэг эхчүүд ч хүүхдээ халдварын эрсдэлд оруулах олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг сануулж байна. 

Тухайн нэг ангид халдвар бүртгэгдсэн тохиолдолд хичээлийг гурав хоногийн хугацаатай цахимд шилжүүлэх зөвлөмжийг УОК-оос өгч байна. Харин 4 дэх хоногоос ямар нэг шинж тэмдэггүй бол танхимын хичээлийг үргэлжлүүлэх юм.

Өнгөрсөн улирлын хичээлийг 5:9 зарчмаар зохион байгуулсан нь халдварын эрсдлийг бууруулах үр дүнгээ өгсөн гэдгийг Боловсролын яамнаас мэдээлсэн. Харин ирэх 7 хоногоос 100 танхимын сургалт эхэлж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагаас онцоллоо.