Пакистаны сүмд халдлага болж, 56 хүн амиа алдлаа

Үйл явдал

Баасан гарагийн мөргөлийн цагаар Пакистаны Исламабад хотын Шиа сүмд халдлага болжээ.

56 хүн амиа алдаж, 196 хүн хүнд бэртэл авсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. Дэлбэрэлтийг амиа золиослогч үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд цаана нь ямар бүлэглэл байгаа болон хэргийг үйлдсэн шалтгааныг мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн.

Сүүлийн жилүүдэд тус хотод ийм олон хүнийг хамарсан халдлага болоогүй гэдгийг албаныхан хэлжээ. Харин улсын хэмжээнд өнгөрсөн 8-р сараас хойш бүртгэгдсэн хамгийн олон хүнийг хамарсан халдлага болсон талаар дурдсан байна.