Дээд Рад Украин дахь ОХУ-ын өмч хөрөнгийг хураан, улсын орлого болгох хууль баталлаа

Улс төр

Украины Дээд Рад буюу парламент улсынхаа нутаг дэвсгэр дээрх Оросын талын өмч хөрөнгийг хурааж, улсын орлого болгох тушаал шийдвэрийг дэмжин баталжээ.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн батлан гаргасан тушаалыг Дээд Рад хэлэлцэн дэмжжээ. Зеленский Оросын талаас явуулж байгаа дайн тулааныг эсэргүүцэн Украины нутаг дэвсгэр дээрх Оросын талын хөрөнгийг битүүмжлэн улсын орлого болгох тушаал гаргажээ.

Украины Дээд Радын гишүүд түүнчлэн НҮБ-д хандан улсынх нь нутаг дэвсгэрт олон улсын энхийг сахиулах хүчнийг оруулах хүсэлт тавьжээ. Украинд 9 дэх хоногтоо цэрэг дайны үйл явц үргэлжилж байгаа юм. Оросын цэргийнхэн Украины томоохон хотуудыг ээлж дараалан буулган авч, хамгийн сүүлд Херсон хотыг хяналтандаа оруулан, Мариуполийг бүслэлтэд авчээ. Түүнчлэн Харьков хотод тулаан үргэлжилж, Днепр хот бүслэлтэд орсон талаар мэдээлж байна. Мөн зарим эх сурвалж Оросын талыг Украины нийслэл Киев хотод ойртон ирж байгаа талаар мэдээлж байгаа юм. Тэгвэл Оросын Батлан хамгаалах яамны мэдээлэлд Барууны улс орнууд Украинд зөвхөн зэр зэвсэг төдийгүй мөн хөлсний дайчид илгээж байгаа талаар дурьджээ. Тухайлбал Украины зүүн өмнөд бүсэд Хорватаас 200 гаруй хөлсний дайчид ирсэн талаар мэдээлсэн байна.