Оросын тал Украины энгийн иргэдийг аюулгүй байлгах тал дээр анхаарна

Улс төр

Орос болон Украинд энхийг тогтоох хоёр дахь удаагийн уулзалт Пүрэв гарагт болж өнгөрлөө.

Талууд гал зогсоох шийдвэрт хүрээгүй ч зарим нэг нааштай ажлыг эхлүүллээ. Энэ нь дайн өрнөж буй хотуудад иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридор нээсэн явдал юм.

ОХУ-ын хэлэлцээний төлөөлөгч Владимир Мединский Пүрэв гарагийн хэлэлцээнд "Их ахиц дэвшил гарсан" гэж мэдээлсэн бөгөөд Орос Украин руу довтолж эхэлснээс хойшхи хоёр дахь шатны хэлэлцээний хүрээнд гамшгийн бүсэд байгаа энгийн иргэдийг аврах тал дээр зөвшилцөлд хүрсэн гэжээ.

Гэхдээ энэхүү коридор яг хэзээ нээгдэх эсэх нь тодорхойгүй байна. Украины хэлэлцээний төлөөлөгч Михайло Подоляк хэлэхдээ, хоёр тал энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хялбархан явуулахын тулд "харилцаа холбоо, хамтын ажиллагааны шугам"-ыг аль болох хурдан байгуулахаар тохиролцсон гэжээ.