Улс төр

Францын нийслэл Парис хотын шүүх улсынхаа экс ерөнхий сайд Франсуа Фийонд албан тушаал, байр сууриа хэтрүүлэн ашиглаж эхнэрээ хуурамчаар ажлын байртай болгон төсвөөс их хэмжээний мөнгө цалин хангамж болгон олгосон хэрэгт буруутай гэж үзжээ. Парисын шүүхээс экс ерөнхий сайдад 5 жилийн хорих ял оноосноос 2-ыг нь биеэр эдлүүлэхээр тогтоосон байна.  

Парис хотын шүүх түүнчлэн Фийоныг төрийн хөрөнгө мөнгийг үр ашиггүй үрж шамшигдуулсан хэрэгт буруутай гэж үзсэн байна. Францын засгийн эрхийг 2007-2012 оны хооронд ерөнхийлөгч Николя Саркозигийн үед тэргүүлж байсан Франсуа Фийоныг тойрсон хэрэг 2017 онд түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх үеэс дэгдсэн юм. Тухайн үед Бүгд Найрамдах намаас сонгуульд нэр дэвшиж байсан улс төрч Франсуа Фийоныг өөрийн эхнэр Пенелопа Фийоныг төрийн албанд хууль бусаар ажилд оруулсан, мөн авилга, хээл хахуулийн хэргээр буруутган эрүүгийн хэрэг нээж, хариуцлагад татсан байна. Фийоныг төрийн хөрөнгө мөнгийг хууль бусаар үрж шамшигдуулан, өөрийн гэр бүлийнхэнд- эхнэр, хүүхдүүддээ төрийн албанд хуурамч ажлын байр бий болгон, улсаас цалин хангамж гаргуулж байсанд буруутгажээ.

Тухайлбал Пенелопа Фийоныг Францын парламентын доод танхимд нөхрийнхөө дэргэд хуурамчаар ажлын байр бий болгон улсаас 831 мянган еврогийн цалин хангамж хууль бусаар авсныг нь тогтоосон байна. Түүнчлэн Фийоныг зөвхөн эхнэртээ төдийгүй мөн өөрийн хүүхдүүд болох Мари болон Шарлем нарт албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч ажлын байр олгон, 80 мянган евро хууль бусаар олгосон гэж үзсэн байна. Фийон энэ мөнгийг хууль эрхзүйн үйлчилгээ авахад зарцуулсан гэж байгаа ч тухайн үед түүний хүүхдүүдийн хэн нь ч хуулийн мэргэжилгүй байжээ.

Энэ хэргийн дагуу болсон шүүх хурлын үеэр Фийоны эхнэр Пенелопад 3 жилийн тэнсэн харгалзах ял оноож, төрийн мөнгийг хууль бусаар үрж шамшигдуулсанд буруутган, экс ерөнхий сайд болон түүний эхнэрт тус бүрт нь 375 мянган еврогийн мөнгөн торгууль тавьжээ. Франсуа Фийон болон түүний эхнэр Пенелопа нар тэднийг буруутгаж байгаа хэрэгт гэм буруугүй гэж мэдэгдэн, өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.