Улс төр

Ливан улсын нийслэл Бейрут хотод болсон дэлбэрэлтийн улмаас иргэд жагсаал хийн, эмх замбараагүй байдал үүсээд байсан. Дэлбэрэлтийн улмаас бий болоод байсан их хэмжээний гарз хохиролыг иргэд Засгийн газраасаа нэхэн, огцрохыг шаардаж байсан.

Өнгөрсөн мягмар гарагт болсон дэлбэрэлтийн улмаас 150 гаруй иргэн амь насаа алдан, олон мянган хүн хүнд гэмтэж Ливанийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа юм. Тиймээс иргэд Засгийн газраа хариуцлагагүй гэж дүгнэн эсэргүүцэл тэмцэл зарлаад байгаа. Засгийн газрын зарим гишүүд албан үүргээсээ огцорч байгаагаа мэдэгдээд байсан бол өчигдөр Засгийн газрын бүх гишүүд албан үүргээсээ огцорч байгааг Ерөнхий сайд Хассан Диаб мэдэгджээ. Ингэхдээ тэрээр өөрөө ч бас албан үүргээсээ огцорч байгаагаа хэлжээ.

Энэ хүсэлтийг Ливанийн Ерөнхийлөгч Мишел Аон хүлээн зөвшөөрсөн тухай Хассан Диаб онцолсон байна. Ерөнхийлөгч Мишел Аон гишүүдийн цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөжээ. Ингэснээр түргэн шуурхай дараагийн шинэ Ерөнхий сайдын томилон, улсын олон салбарыг эргэн сэргээх ажлыг эхлүүлэх шаардлагатай болж байгаа юм.

Гэсэн хэдий ч иргэд жагсаал бослогоо зогсоохгүй байгаа. Учир нь Одоогийн улс төрийн тогтолцоонд ерөнхийлөгч нь Христийн шашинтан, ерөнхий сайд нь мусульман шашинтан, парламентын дарга нь мусульман шашинтан байх ёстой гэж заасан байдаг. Иргэд энэ тогтолцоог ч бас халах хэрэгтэй гэж үзэн, жагсаалаа үргэлжлүүлсээр байна.