Үйл явдал

Тайландын Кхауяй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүрэг заан хүрхрээний ус руу орж живэн, амь насаа алдацгаажээ. Золгүй явдал зааны сүрэг ус руу унасан 3 настай тугалаа аврахаар оролдох үед болсон байна.

Хүрхрээний ус руу унасан бяцхан тугалаа аврахаар сүргийн 5 том заан ээлж дараалан ус руу орж, зарим нь эрэг дээрээс хальтирч орон улмаар ширүүн урсгалд урсан амиа алдсан байна. Энэ явдлыг сүүлд цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд, байгаль хамгаалагчид мэдэж, хүрхрээний дэргэд очин аврах ажиллагаа явуулах гэсэн боловч харамсалтай нь хоцорсон байжээ. Хэрэг явдал болсноос хэдэн цагийн дараа аврагчид бяцхан тугалын цогцсыг, мөн холгүй газраас бусад заануудыг үхсэн байдалтай олсон байна. Кхауяй дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 300-аад заан амьдардаг юм.