Үйл явдал

Японы цог жавхлант эзэн хаан Нарухито, хатан Масако нар хүндэт харуул жагсаан, хүндэтгэлийн цуваанд явж ард түмэнтэйгээ мэндчилжээ. Ням гарагт Японы нийслэл Токио хотноо намрын уламжлалт баяр болж, энэ үеэр шинэ эзэн хаан, хатны хамтаар хотын гудмаар явж ард олонтойгоо мэндчилсэн байна. Энэхүү ёслол нь шинэ эзэн хааны хаан сэнтийд заларсан үйл явцад багтдаг 5 уламжлалт ёслолын нэг нь юм байна. 

Хаан болон хатны ард түмэнтэйгээ мэндчилэх ёслолыг харахаар Токио хотын эзэн хааны ордны дэргэд олон хүн цугласан байна. Энэ үеэр 26 мянган цагдаа хүчний байгууллагынхан хааны цувааны аюулгүй байдлыг хангахаар ажиллажээ. Тэд эзэн хааны хүндэтгэлийн цуваа явж өнгөрөх Токио хотын гудамж талбайд зогсч, аюулгүй байдлыг хангасан байна. Иргэд хаан сэнтийдээ албан ёсоор заларч, улсынхаа шинэ хаанаар өргөмжлөгдсөн Нарухито болон хатан Масако нартай мэндчилэн, улсынхаа далбааг барин зогсоцгоожээ. Түүнчлэн Японд шинэ эзэн хаан сэнтийдээ заларч, Рейва цаг тоолол эхэлсэн үйл явцыг билгэдэн болсон хүндэтгэлийн арга хэмжээнд үе залгамжилсан хунтайж Акисино, ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцжээ. Хаан Нарухито, хатан Масако нар 4,6 км замыг ийнхүү хүндэтгэлийн цуваанд суун туулж, ард олонтойгоо мэндчилжээ. Энэхүү ёслолыг үзэж сонирхохоор Токио хотноо, зам дагуу 119 мянган хүн цугласан байна.