"Зууны түүх - Зуун онцлох үйл явдал" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Улс төр

1921 оны  арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо Ардын засгийн газар ба ЗСБНОУ-ын засгийн газрын хооронд Найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын дипломат харилцааны түүх эхэлдэг.

Энэ цагаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж, манай улсын хөгжлийн үе шат бүрт Орос улс салшгүй холбоотой байдаг. Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өнөөдөр гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. 

1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, Бүхнийг фронтод хөдөлгөөнөөс эхлэн Эрдэнэт үйлдвэр, Шарын голын уурхай, дулааны станц, Өнөр, 3,4, бичил, 13 дугаар хороолол, соёл урлаг, боловсрол гээд Улаанбаатар хотод оросын ард түмний тусламж дэмжлэг хүрээгүй салбар тун ховор. Тухайн үеийн агшинг харуулсан ховор нандин гэрэл зураг үзэсгэлэнд дэлгэгджээ.

ОХУ-аас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов "Энэ үзэсгэлэн нь маш чухал үнэ цэнтэй үйл ажиллагаа болж байна. Хоёр улсын харилцааг итгэлцэлд суурилсан найрсаг шинж чанартай болгосон олон тэмдэглэлт үйл явдал өнгөрсөн хугацаанд өрнөжээ. Дэлхийн II дайны үед Монголын ард түмэн Орос улсад үнэлж баршгүй тусламж дэмжлэг үзүүлсэн зэрэг олон түүхэн үйл явдал хоёр улс үргэлж хамт байжээ. Энэ бүгдийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийж байгаад баяртай байна. Хоёр улсын харилцаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй" гэлээ. 

Орос монгол хоёр улсын харилцаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүртлээ өргөжин тэлээд байгаа юм. Хоёр улсын найрамдалт харилцаа тогтоосны 100 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.