Зөвшөөрөлгүй хэсэгт машинаа тавьсан бол 20,000₮ торгоод ачина

Нийгэм

Авто машин ачилтын журамд зарим нэг өөрчлөлт оруулахаар НИТХ-аас ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгээс эхлээд ачилтын компани биш гэрээт цагдаа ажиллах ёстой гэж үзсэн байна.

Тодруулбал, нэгдүгээр эгнээнд, зөвшөөрөлгүй хэсэгт тавьсан автомашиныг эхлээд гэрээт цагдаа шалгаж зөрчлийн хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгоно, ингэхдээ жолооч руу залгаж мэдэгдэх юм. Хэрэв жолооч 3-5 минутын дотор гарч ирэхгүй бол шууд ачихаар санал хүргүүлжээ.  

Нийслэлд хэмжээнд хамгийн их ачилт хийгддэг, оргил ачаалалтай 73 гудамж талбай  байдаг байна. Үүн дээр дахин ачаалал ихтэй 93 гудамжийг нэмж байгаа гэлээ. Эдгээр гудамж талбайд цагийн хязгаарлалт тогтоох саналтай байгааг онцолсон юм. Тухайлбал, өглөө оройн ажлын цагуудад зогсохыг хориглох бусад тохиолдолд тав орчим минут зогсохыг зөвшөөрөх зэрэг санал орсон болохыг ч хэлж байна. Мөн үүнээс гадна ачлагын төлбөрийг тээврийн хэрэгслийн овор хэмжээ зэргээс шалтгаалан харилцан адилгүй байхаар тусгасан гэлээ. Харин жолоочдын хувьд нэг зөрчилд хоёр шийтгэл ногдуулж болохгүй, 3-5 минутад жолооч гарч ирэх боломжгүй, зогсоолын асуудал маш хүндрэлтэй байдаг зэрэг саналыг хэлж байна. 

НИТХ-аас ажлын хэсэг байгуулагдан долдугаар сараас хойш ажиллаж, иргэд, жолоочид, ачилтын компани, цагдаагийн байгууллага зэргээс санал хүсэлт авсны үндсэн дээр дээрх саналыг гаргажээ. Ажлын хэсэг гаргасан саналаа НИТХ-ын тэргүүлэгчид хүргүүлээд байгааг хэлж байна. Энэ шийдвэр одоогоор эцэслэн батлагдаагүй байгаа юм.