Глазгоу хотод НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх ОУ-ын бага хурал ажлаа өндөрлөж байна

Үйл явдал

Шотландын Глазго хотод НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын бага хурал 10-р сарын 31-нээс энэ сарын 12-ны хооронд үргэлжлэн, амжилттай зохиогдлоо.

12 хоногийн туршид үргэлжилсэн олон улсын чуулган ерөнхий санал шүүмж, хэлэлцээр, дугуй ширээний уулзалтуудаас гадна байгаль экологичдын тэмцэл жагсаал дунд үргэлжилсэн юм.

НҮБ-ын Уур амьсгалын тухай суурь конвенцид нэгдэгч улс орнуудын 26 дахь бага хуралд дэлхийн 130-аад улс орны төр засгийн тэргүүлэгчид, улс төрчид, төрийн бус байгууллага, бизнесийн төлөөлөл гэхчлэн нийтдээ 25 мянган хүн Шотландын энэ хотод хуран цугласан юм. Глазгогийн олон улсын чуулганы хүрээнд дэлхийн улс орнууд 2020 онд хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын гэрээ болох Киотогийн проколыг орлох Парисын гэрээг цаашид дагаж мөрдөх үйл явцын талаар хэлэлцжээ. Парисын уур амьсгалын гэрээг дэлхийн улс орнууд 2015 оны 12-р сарын 12-нд НҮБ-ын 21 дэх удаагийн бага хурлаар хэлэлцэн баталж байсан юм. Энэхүү гэрээний дагуу дэлхийн улс орнууд 2100 он гэхэд агаар мандалд цацагдаж байгаа хорт хийн хэмжээнд боломжит хэмжээнд бууруулах амлалт авч, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоохын тулд агаарын температурын өөрчлөлтийг Цельсийн 1,5 градусаас ихгүй байхаар зохицуулж, аж үйлдвэрлэлийн хөгжлийн өмнөх үеийнхэд аваачих амлалт авсан юм. ТүүнчлэнПарисын гэрээний дагуу агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хийн хэмжээг бууруулах амлалтыг улс орон тус бүр өөрийн хэмжээнд авахаар тусгасан. 

Тэгвэл эдгээр бүх асуудлыг 12 хоногийн туршид хэлэлцэхдээ Глазгогийн чуулганд оролцогсод мөн л тодорхой шийдэлд хүрч чадалгүй тарж, улс орнууд агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хийг бууруулах асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй учраас энэ талаар тодорхой үр дүнд хүрээгүй байна. Гэсэн хэдий ч улс орнууд COP26 уулзалтын үеэр ашигт малтмалаас гаралтай түлшний хэрэглээнээс татгалзах, бууруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаатай нэгджээ. Мөн энэ удаагийн чуулганы гол амжилт нь улс орнууд нефть болон байгалийн хийн ашиглалтын эсрэг Эвсэл байгуулсныг нэрлэж байгаа юм. Энэхүү эвсэлд Ирланд, Франц, Дани, Коста-Рика зэрэг 11 улс орон нэгдсэн байна.