Үйл явдал

Италийн эртний хотуудын нэг, усан дээрх мөнхийн хот болох Венеци хот жилээс жилд гадны аялагч жуулчдын хөлд дарагдаж, заримдаа хотын хүн амаас илүү гадныхан голдуу болж хувирдаг байна.

Ердөө өнгөрсөн зуунд Венецийн алдарт Сан Маркогийн талбайд 350 гэр бүл оршин суудаг байсан бол өнөөдөр зөвхөн ганцхан айл үлдэж, бусад нь жуулчдад зориулсан үйлчилгээний газрууд болон хувирчээ. Одоогоос хагас зуун жилийн өмнө Венеци хот 175 мянган хүн амтай байсан бол өнөөдөр 3 дахин багасчээ. Энэ бүхнээс үзэхэд Венеци хот үнэхээр жуулчдын хот болон хувирч, уугуул иргэд нь ирээд явах жуулчдын хөлд тайван амгалан ч амьдарч чадахгүй нөхцөл байдалд байгаа юм. Тиймээс хотын уугуул иргэдийн хувьд энд энгийн амьдралаар амьдрахад ихээхэн хүндрэлтэй болжээ. Аялагч жуулчдын урсгалыг дагаад энд юмны үнэ тэнгэрт хадаж, амьдралын өртөг ч нэмэгдэн, Италийн бусад хотоос хамгийн үнэтэй хот болон хувирчээ. Венецид 1 давхрын үйлчилгээний талбайн түрээс Парис хотын төвийн дүүргийнхээс бараг 2 дахин үнэтэй байгаа юм.