Үйл явдал

Шинэ коронавирусын халдвар дэгдэж олон улсын анхаарлын төвд байх зуурт ДЭМБ, Женевт хийсэн шуурхай хуралдаанаараа бас нэгэн чухал шийдвэр гаргажээ. ДЭМБ, БН Конго улсад дэгдээд байгаа Эбола өвчний халдварын улмаас онцгой байдлын хугацааг дахин 3 сараар сунгах шийдвэр гаргасан байна. 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адан Гебрейесусын тэмдэглэн хэлснээр хэдийгээр Эболагийн халдварын тохиолдол буурч байгаа ч өвчний голомт урьдын адил байсаар хадгалагдсаар байгаа учраас Конго улсад тогтоосон онцгой байдлын хугацааг дахин 3 сараар сунгах нь зүйтэй гэжээ. Конгод өнгөрсөн 2019 оны 7-р сараас хойш Эболагийн халдвартай холбоотойгоор онцгой байдлын дэглэм тогтоогоод байгаа юм. ДЭМБ, Эбола өвчнийг нийгмийн аюултай тахал гэж үзэн, халдварт өвчин тархахаас сэргийлэхийн тулд онцгой байдлын хугацааг сунгах нь зүйтэй гэжээ. 2020 оны 2-р сарын 9-ний байдлаар Конгод Эбола өвчний 3,431 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 2,249 хүн амиа алдаж, 1,164 хүн эдгэрчээ. Түүнчлэн 1-р сарын 29-нөөс 2-р сарын 4-ний хооронд долоо хоногт өвчний 4 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Конгод 2018 оны 7,8-р сард Эболагийн халдвар дэгдэж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Эбола нь зэрлэг ан амьтдад халдварладаг, мөн хүнд ч халдварладаг өвчин юм. Өвчний ерөнхий шинж тэмдэг нь булчин хөндүүрлэн өвдөж, толгой болон хоолой барьж өвддөг байна. Түүнчлэн дотор муухайрах, элэг бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, зарим тохиолдолд гадуур болон дотуур цус алдалтад хүргэдэг юм.