Үйл явдал

ОХУ, пүрэв гарагаас эхлэн улсынхаа хилээр Хятад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин Хятадад дэгдсэн COVID-19 шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор улсын хилээр Хятадын иргэдийг тодорхой хугацаанд нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. 

Хилийн хоригт Хятадын оюутан залуус, аялагч жуулчид, мөн гэрээгээр Оросод ирж ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хамрагдаж байгаа юм. Оросын засгийн газар дээрх шийдвэрийг коронавирусын дэгдэлт хоромхон хугацаанд өргөн хүрээнд дэлгэрч байгаатай холбогдуулан түр хугацаагаар авч байгаа гэдгээ тодотгожээ. Хилийн хориг Оросын нисэх буудлуудаар дамжин өнгөрч байгаа Хятадын иргэдэд хамаарахгүй юм байна. COVID-19 шинэ коронавирус өнөөдрийн байдлаар Хятадаас гадна дэлхийн 25 улс оронд тэр дундаа ОХУ-д илрээд байгаа юм. Хамгийн сүүлд ирүүлж байгаа мэдээллээр Хятадад шинэ коронавирусын улмаас 2 мянгаад хүн амиа алдаж, 12,500 хүн эдгэрч, 72 мянган хүн вирусын халдвараар өвдсөн байж болзошгүй байгаа юм.