Үйл явдал

Өнөөдрийн байдлаар COVID-19 коронавирус дэлхийн 85 улс оронд бүртгэгдээд байна. Түүнчлэн ДЭМБ-ын мэдээлж байгаагаар дэлхийн даяар 95 мянган хүн COVID-19-ийн халдвар авч, 3,200 хүн нас бараад байгаа юм. 

Ингэхдээ COVID-19-ийн голомт болох эх газрын Хятадаас гадна Иран болон Итали улсад өвчлөл, нас баралтын хувь хамгийн өндөр байна. Иран улс Ойрхи Дорнод дахь бүс нутгийн голомт болж, чухам энэ улсаар дамжин бүс нутгийн улс орнуудад COVID-19 тархжээ. Палестин улс COVID-19 коронавирусээс сэргийлэхийн тулд Иордан голын Баруун эрэг лүү гадны аялагч жуулчдыг нэвтрүүлэхээс татгалзаж, Вифлеемын түүхэн дурсгалт болон шашны газруудад хөл хорио тогтоогоод байгаа юм. Палестинд коронавирусын халдварын 4 тохиолдол бүртгэгдээд байгаа ч одоогоор COVID-19 мөн эсэх нь батлагдаагүй байна. Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг тогтоохоор Израиль руу илгээгээд байгаа юм.  Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират улс өөрийн иргэдээ, мөн гадны иргэдийг хаа нэг тийшээ зорчихыг нь хориглосон байна. Түүнчлэн хэрвээ энэ захирамжийг зөрчвөл албадан карантинд авна гэдгээ ч сануулсан байна.