Оросын цэргийнхэн Киев хот руу хийх дайралтаа өргөжүүлж байна

Үйл явдал

Оросын цэрэг арми Украины нутаг дэвсгэрт явуулж байгаа цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, байршлаа ахиулан урагшилж байна. Баасан гарагт Оросын цэргийнхэн Украины төвийн хэсгийн Днепр хотод тулж ирсэн байна. 

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Оросын цэргийн Днепр хотын гутлын үйлдвэр, хүүхдийн цэцэрлэг, орон сууцны хороолол руу цохилт өгсөн гэж байгаа ч энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байна. Түүнчлэн Харьков хотын захад байрлах өндөр настны асрамжийн газар халдлагад өртсөнөөс 76 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Оросын Батлан хамгаалах яамны албаны төлөөлөгч Игорь Конашенковын мэдээлж байгаагаар 3-р сарын 11-нд Украины Луцк болон Ивано-Франковск дахь цэргийн нисэх буудлууд, мөн цэргийн зориулалт бүхий дэд бүтэц дайралтад өртсөн байна. Maxar technologies  сансрын хиймэл дагуулаас авсан зураг дээр Оросын хуягт техникүүд нийслэл Киев хотод хүрэхтэй зэрэгцэн тарж бутарчээ. Үүнээс үүдэн Америкийн цэргийн мэргэжилтнүүд Оросын цэргийнхэнийг Украиныг нийслэлийг бүх талаас нь бүслэх зорилготой байгаа гэж үзэж байна.