Оросын тал Украин дахь цэргийн үйл ажиллагаагаа хумих уу?

Улс төр

Туркийн Стамбул хотноо болсон Орос-Украины хэлэлцээрийн дараагаар Оросын тал Украины Киев болон Черниговийн чиглэл дэх цэргийн үйл ажиллагаагаа хумихаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Оросын Батлан хамгаалах яамны албаны мэдэгдэлд дурьдсан байна. 

Оросын Батлан хамгаалах яамны сайдын орлогч, хурандаа-генерал Александр Фомины мэдээлснээр талууд энхийн хэлэлцээрийн үеэр Украины цөмийн зэвсэггүй статусын талаар хамтарсан хэлцэлд хүрэхээр тогтсоны үндсэн дээр Украин дахь цэргийн ажиллагаагаа хумихаар шийдвэрлэсэн байна. Тэгвэл албаны эх сурвалж ийнхүү мэдэгдэх зуурт Украин дахь цэргийн ажиллагаа үргэлжилсээр байна. Мягмар гарагт Оросын талаас Украины Николаев хот дахь засаг захиргааны барилгыг пуужингаар харважээ. Барилгын нурангид хоёр хүн дарагдан амиа алдаж, өөр хэд хэдэн бэртсэн талаар мэдээлж байна. Оросын тал тэгвэл түлш шатахууны агуулах болоод хэд хэдэн нисэгчгүй төхөөрөмжийг устгасан талаар мэдээлж байгаа юм. Украины цэргийн командлал түүнчлэн Киевийн дор байрлах хэд хэдэн суурин, тэр дундаа Тростянец гэх газар Оросын талын халдлагад өртсөн гэж мэдээлжээ.