Орос-Украины талуудын энхийн хэлэлцээ амжилттай болж, ахиц дэвшил гарч байна

Улс төр

Орос-Украины сөргөлдөгч талуудын хооронд энэ сарын 29-нд ээлжит шатны энхийн яриа хэлэлцээ боллоо.

Туркийн Стамбул хотод Орос-Украины албаны төлөөлөгчдийн хооронд ээлжит шатны энхийн хэлэлцээ болсон юм. Энэхүү уулзалт хэлэлцээ Туркийн талын энхийн зуучлал дор болж, тодорхой үр дүнд хүрсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

Орос-Украины албаны хүмүүсийн хоорондын ээлжит шатны яриа хэлэлцээ 3-р сарын 29,30-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж байсан ч уулзалт эхний өдрөө дуусгавар болсон байна. Уулзалтад Оросын талыг тэргүүлэн оролцож байгаа Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединскийн мэдээлснээр Стамбулын хэлэлцээ үр дүнтэй болж, тодорхой ахиц дэвшил гарчээ. Уулзалтын үеэр Орос, Украины талууд аль аль нь өөрсдийн саналаа хүргүүлж, байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал Оросын тал Украины талаас тодорхой асуудлуудаар байр суурийг нь сонсч, улмаар тэдгээр саналыг ерөнхийлөгчид танилцуулсны дараагаар хариу өгөхөөр тогтжээ. Түүнчлэн талууд хоёр улсын хооронд хийгдэж байгаа яриа хэлэлцээрийг үр дүнтэй байлгах үүднээс уулзалтын явцыг түргэсгэх санал оруулсан нь дэмжигдсэн байна. Өмнө нь талууд эхний ээлжинд Гадаад хэргийн яамны хүрээнд гэрээ байгуулсны дараа л төрийн тэргүүний түвшинд уулзалт хийхээр төлөвлөж байсан бол эдгээр уулзалтыг нэгэн зэрэг явуулах боломжтой гэж харж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Оросын тал Киев болон Черниговын чиглэлд дайралтаа сулруулах амлалт авсан байна. Мөн Мединскийн мэдээлж байгаагаар Москвагийн тал хямралыг  намжаахад чиглэсэн өөрийн байр сууриа тодорхойлж, Киевийн талаас хариу алхам хүлээж байгаагаа илэрхийлжээ. 

Тэгвэл Украины тал Крымын хойг, Севастополийг Украины бүрэлдэхүүнд эргүүлэн нэгтгэх эрмэлзлээсээ татгалзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн улсынхаа нутаг дэвсгэрт үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэх, байрлуулахаас татгалзан, гадны цэргийн бааз байрлуулахаас татгалзахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Украины тал түүнчлэн НАТО-ийн талаас аюулгүй байдлын баталгаа өгсөн тохиолдолд төвийг сахисан болон цөмийн зэвсэггүй статустай болохыг зөвшөөрч байгаа юм. Ингэхдээ Украины талд аюулгүй байдлын баталгаа олгогч орнуудын тоонд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудыг, мөн түүнчлэн Герман, Израиль, Итали, Канад, Польш, Турк зэрэг орныг оруулах саналтай байна. Мөн Киевийн тал Украин улсыг ЕХ-нд элсэхэд саад болохгүй байх шаардлагыг Оросын талд хандан тавьж байгаа юм.