Өөрийгөө шатаасан иргэний биеийн байдал муу байна

Эрх зүй

Өнгөрсөн Бямба гарагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эрэгтэй хүн өөрийгөө шатаасан хэрэг гарчээ. Үүрээр болсон хэрэг шалтгаан хувийн харилцаанаас үүдэлтэй байсныг цагдаагийн байгууллага тогтоожээ. Өөрийгөө шатаасан хүний биеийн байдал хүнд, эмнэлэгт байгаа талаар мэдээллээ. 

Цагдаагийн байгууллагад 4-р сарын 2-ны өглөө 5 цагийн орчимд хүн шатаж байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу хэргийг шалгахад урьдчилсан байдлаар биен дээрээ шатахуун асгаж өөрийгөө шатаасан нөхцөл байдалтай байсан байна. 

Хэрэг БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мичид Алтай хотхоны орцонд болсон байна. Хэргийн газар очиход орцны шатан дээр шатсан ул мөртэй. Шатны бариул, хана зэрэг тортог тогтсон байдалтай байлаа. Хэргийн нарийн учрыг тогтоохоор хууль хяналтын байгууллага шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.