Үйл явдал

Коронавируст цар тахал хүнээс хүнд дамждаг гэдгийг албан ёсоор мэдэгдсэнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд дэлхийн 217 улс оронд халдвар тархсан. Харин манай гарагийн хамгийн хаалттай, хамгаалалттай гэгддэг Хойд Солонгос Улсад халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, онц байдал зарлажээ.

7-р сарын 19-нд Өмнөд Солонгосоос хууль бусаар хил даван ирсэн иргэн халдвар авсан байх шинж тэмдэгтэй байгаа тухай Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр Улс төрийн товчооны шуурхай хуралдааны үеэр мэдэгджээ. Халдвар дэгдээд хагас жил болж байгаа энэ хугацаанд Хойд Солонгос Улс нэг ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдхэн улсын нэгээр нэрлэгдэж байсан.

Хилээр орж ирсэн иргэн нь гурван жилийн өмнө Хойд Солонгосоос дүрвэсэн нэгэн юм байна. Түүний орж ирсэн Кэсон хотод хөл хорио тогтоон, онц байдал зарлажээ. Дүрвэгчийн орж ирсэн хилийн хэсгийг хариуцдаг цэргийн анги нэгжүүдэд шалгалт хийж, буруутай этгээдийг хатуу шийтгэх, харуул хамгаалалтыг чангатгах тушаал өгсөн байна. Одоогоор тухайн иргэн халдвар авсан эсэхийг албан ёсоор мэдээлээгүй. Ямартай ч коронавируст халдварын шинж тэмдэгтэй байгааг Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.