Үйл явдал

Манай хойд хөрш ОХУ-д ирэх 10-р сараас коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлүүлэхээр болсон байна. Ингэхдээ халдварын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа олон нийттэй харилцдаг иргэдээс эхлүүлэн вакцинжуулалтын ажлыг явуулахаар болжээ. 

ОХУ-д коронавируст халдварын эсрэг вакцин гарган авах ажлыг санхүүжүүлэх ажлыг хариуцсан шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев туршилтад хамрагдсан бүх иргэн 21 хоногийн дараа вирусний эсрэг дархлаа үүссэн тухай мэдэгдсэн. Өнгөрсөн Бямба гарагт Оросын Эрүүл мэндийн яамнаас ирэх 10-р сараас эхлэн эхний ээлжний иргэдийг вакцинд хамруулах тухай мэдэгдсэн байна. Үүнд эмнэлгийн албан хаагчид болон багш нар хамрагдах тухай Эрүүл мэндийн сайд Михайл Мурашко мэдэгдлээ. Тус вакциныг Оросын Гамелейн нэрэмжит вирус судлал, микробиологийн төвд бүтээсэн. Энэ сард бүх туршилтууд амжилттай явагдаж дууссан. Тиймээс албан ёсны эрх авах болон бусад бичиг цаасны ажил үлдээд байгааг сайд Михайл Мурашко онцоллоо.

Орос Улс нь дэлхийн анхны вакцин гарган авсан улс болохоор зорин ажиллаж байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Үүнээс гадна Новосибирскийн Вектор судалгааны төвд бүтээгдэж байгаа вакцин 11-р сард үйлдвэрлэлээ эхлэхээр болсон тухай тус төвийн Ерөнхий захирал телевизийн ярилцлагын үеэр мэдэгдсэн байна. Ингэхдээ энэ оны сүүлчээр болон ирэх оны эхээр эрсдэл өндөртэй иргэдийг вакцинжуулалтад хамруулна. Харин хавраас бусад иргэдээ вакцинжуулах төлөвтэй байгааг тэрээр онцолжээ.