Үйл явдал

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Трамп гадаадын иргэдийг хөлслөн ажиллуулахыг хязгаарлах шийдвэрт гарын үсэг зурлаа. Бараг сарын өмнөөс ийм шийдвэр гаргах тухай хэлэлцэж байсан. Доналд Трамп нь гадаадын иргэдэд хязгаарлалт тавьж, Америкийн иргэдэд илүү их боломжийг нээж өгөхөд анхаарч ажилладаг. Энэ шийдвэр нь H1-B визтэй иргэдэд хамаарах юм байна.

Шийдвэрт Америкийн засгийн газрын харьяа байгууллагууд болон холбооны засгийн газартай гэрээгээр ажиллаж байгаа байгууллагууд нь АНУ-ын иргэд, байнга оршин суугчид болон байнга оршин суух зөвшөөрөлтэй “ногоон карт” эзэмшигчдийг түлхүү ажилд авахыг тусгасан байна.  Тухайн ажилд тохирох мэргэжилтнүүд байхгүй тохиолдолд л гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулах хэрэгтэй болж байгаа юм. Цар тахал дэгдсэнээр гадаадын иргэдийн визний асуудал болон ажил олголтын асуудлыг Доналд Трамп нэлээдгүй чухалчлан авч үздэг болсон. Ажиллуулах тал дээр хязгаарлалт тавьж байгаагаас гадна, 6 дугаар сарын сүүлчээр Америкийн Ерөнхийлөгч H1-B, H-4, H-2B, L болон J ангиллын визүүд олгохыг 2020 он дуустал зогсоох тухай захирамж гаргасан. Гадаадын иргэдэд ажиллах виз олгодог нь нэг талдаа Америкийн компаниуд гадны чадварлаг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломж болж байгаа. Гэтэл нөгөө талдаа Америк иргэдийг ажлаас халж байгаа болон ажиллах боломж олгохгүй муу талтай гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.