Үйл явдал

Өчигдөр Ливан Улсын нийслэл Бейрут хотод маш том хэмжээний дэбэрэлт болсон байна. Одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас 78 иргэн нас барж, бараг дөрвөн мянган хүн гэмтэж бэртсэн тухай дэлхийн хэвлэлүүд шуугиад байна.

Энэхүү дүрсэнд маш хүчтэй гал гарч гэнэт том хэмжээний дэлбэрэлт болж байгааг харуулж байна. Далайн боомтод болсон энэ дэлбэрэлт нь маш том хэмжээг эзэлсэн учраас агаарт улбар шар өнгийн мөөгөн үүл үүсчээ. Хотын хэмжээнд маш хүчтэй доргилт, чичиргээ мэдрэгдсэн бөгөөд, эрэг хавийн барилгууд газрын хөрстэйгөө тэгшлэгдсэн байна. Дэлбэрэлт 240 килүметрийн зайд оршдог Кипр аралд ч мэдрэджээ. Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байна. Гэхдээ боомтын агуулахад хууль бус тэсрэх бодис хадгалж байсан байж магадгүй гэж Ливаны аюулаас хамгаалах албаныхан мэдээллээ. Ливаны ерөнхийлөгч Мишел Аун үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулж, Бейрут хотыг гамшгийн бүсээр зарлажээ. Ерөнхий сайд Хассан Диаб өнөөдрийг буюу Лхагва гарагийг үндэсний гашуудлын өдөр болгох шийдвэр гаргасан байна. Зарим эх сурвалжид мэдээлснээр Ливан улстай дайсагнасан харилцаатай Израйль Улс энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж сэрдсэн байна. Харин Израйлийн талаас ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдэн, туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн олон орон Ливан улсын засгийн газарт эмгэнэл илэрхийллээ. Ливаны Ерөнхий сайд эдийн засгийн гүн хямралтай байгаа улсад нь энэ дэлбэрэлт маш их гарз хохирол учруулж байгааг мэдэгдэн, олон улсын байгууллагууд, бусад орныг тэдэнд туслахыг уриалжээ. Иргэдийн хувьд энэ нь яг атомын бөмбөг дэлбэрч байгаагаас ялгаагүй байсан тухай сэтгэгдэлээ хуваалцсан байна. Одоогоор 78 иргэн нас барж гурван орчим хүн гэмтэл бэртэл авсан гэж мэдээлж байна. Гэхдээ энэ тоо цаашдаа өсөх магадлал өндөр байгааг холбогдох албаныхан мэдээлжээ.