Үйл явдал

БНСУ-ын Сэжонг хотын төвд хэд хэдэн зэрлэг гахай гарч ирэн, барилгын шилэн хаалгыг хагалсан байна. Камерийн дүрсэнд бичигдсэнээр зэрлэг гахай хотын төвөөр гарч ирэн, эмх замбараагүй байдал үүсгэж арилжааны барилгын хаалгыг хагалжээ.

 Цагдаа нар гахайг хайсан боловч Гэумганг гол руу зугтсан байна. Дүрсэнд бичигдсэнээр зэрлэг гахай шилэн хаалга хагалан барилга руу орж, хоол олдоогүй учраас 30 секундын дараа буцаад гарч ирсэн байна. Энэ бол маш содон сонин үзэгдэл болж байгаа юм. Учир нь хөгжил сайтай суурин хотод бараг л энэ төрлийн амьтан үзэгдэх боломжгүй. Иргэдийн хувьд энэ бол байж болшгүй, хэлэх үг ч олдохгүй сонин үзэгдэл болж байна гэжээ. Мэргэжилтнүүдийн зүгээс голын эрэг орчмын ууланд амьдардаг зэрлэг гахайнууд энэ жил хоолны дуршил нь ихэсч байгаатай холбоотойгоор хүнс хайж хот руу орж ирсэн байж магадгүй гэж таамаглаж байна.

Өнгөрсөн жилийн 10-р сард дөрвөн зэрлэг гахай Сэжонг хотын төвд орж ирсэн тохиолдол гарсан. Тэдний хоёрыг нь албаны зөвшөөрлөөр буудсан байна. 9-р сард ч бас хотын төвийн нэгэн паркт зэрлэг гахай үзэгджээ.  Энэ төрлийн үзэгдэл ихсэж байгаа учраас Сэжонг хотын захиргаанаас аюултай амьтдыг барьж авах, иргэдийг хамгаалах тал дээр хяналтаа нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн байна.