Entertainment

Дэлхийн загварын нийслэл хотуудын нэг Италийн Милан хотноо 2020 оны Миланы загварын долоо хоног эхэлсэн. Тэгвэл Миланы загварын долоо хоног Хятадад дэгдсэн шинэ коронавирусын халдварын улмаас энэ жил хүн хөл цөөтэй болж байна. Учир нь жил бүрийн 2-р сард Европын хотуудыг Хятадаас олон хүн зорин ирж, загварын долоо хоногийг үзэж сонирхохын зэрэгцээ худалдан авалт ч ихээр хийдэг юм. 

Харин энэ жил Хятадад дэгдсэн коронавирусын улмаас Миланыг зорин ирэх Хятад жуулчдын тоо эрс буурчээ. Гэсэн хэдий ч Миланы загварын шоуны нээлтийн үеэр Хятадад дэгдсэн шинэ коронавирусын халдварыг анхаарлын гадуур үлдээсэнгүй, Нью Йоркийн Хятад гаралтай дизайнер Хан Вэн загварын шоугаа “Хятад улс, бид та бүгдтэй хамтдаа” гэсэн уриан дор хийжээ. 2019 онд дэлхийн загварын бизнесийн үндсэн хэрэглэгчдийн бараг 40%-ийг Хятадын хэрэглэгчид бүрдүүлж, тансаг зэрэглэлийн бараанд 280 тэрбум орчим евро зарцуулж байжээ. Түүнчлэн Хятад улс бэлэн хувцасны үйлдвэрлэл болоод худалдан авалтаараа дэлхийд тэргүүлдэг юм. Хятадын хэрэглэгчид загварын зах зээлд чухал байр суурь эзэлдгийг Gucci брэнд харгалзан үзэж Миланы 2020 оны намар-өвлийн эмэгтэйчүүдийн  загварын шоугаа Хятадад зориулан Weibo-гоор шууд дамжуулан үзүүлсэн байна.