Оросын иргэд Украин руу халдан довтолсныг эсэргүүцэж байна

Үйл явдал

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гаргасан шийдвэрийн дагуу Украины зүүн бүсийн Донбассын иргэдийг хамгаалах зорилгоор явуулсан “цэргийн тусгай ажиллагааг” эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан Оросын хотуудад өрнөжээ.

Оросын нийслэл Москва хот дахь Украины ЭСЯ-ны барилга руу иргэд цэцэг барин очиж, тэд Украины ахан дүүсийн эсрэг дайн тулаан хийхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ.

Москва хотноо болсон иргэдийн жагсаал цуглаанд Оросын олон нийтийн зүтгэлтнүүд, олны танил нэртэй эрхмүүд, жүжигчид, дуучид, тамирчид, хэвлэл мэдээллийнхэн нэгджээ. Тэд гартаа “Бид Украины эсрэг дайралтыг эсэргүүцэж байна”, “Цус асгаруулсан тэмцлээ зогсоо” гэхчлэн уриа лоозон барьсан байжээ.

Түүнчлэн иргэд хотын гудамжаар явж, Украины эсрэг дайралтыг зогсоохыг шаардан, олон нийтийн цахим ертөнцөд мөн Оросын цэргийн ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардсан уриалга өрнөжээ.

Украины эсрэг халдлага дайралтаа зогсоохыг уриалсан иргэдийн жагсаал цуглаан түүнчлэн Санкт Петербург, Екатеринбург, Эрхүү, Омск, Новосибирск зэрэг Оросын өргөн уудам газар нутгийн өнцөг булан бүрт өрнөсөн байна.