Европын орнуудад Украиныг дэмжсэн жагсаал цуглаан өрнөжээ

Үйл явдал

Европын улс орнуудад мөн ОХУ-ын тал Украины газар нутаг руу халдан довтолж, цэргийн ажиллагаа явуулсныг эсэргүүцэж байна.

Оросын цэргийн хүчин Украины эсрэг дайралт хийсэн нь Европын аюулгүй байдалд халдан довтолсон хэрэг гэж үзэж байна.

Германы хотуудад хэдэн зуун хүн нэгдэн гудамж талбайдаа гарч Оросын тал Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсныг эсэргүүцжээ. Оросын үйлдлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан Германы нийслэл Берлин хотноо болж, жагсаалд оролцогсод гартаа Украины туг далбаа барин жагсчээ. Жагсагчид Европын улс орнуудад хандан Украины талд зогсоход уриалж байжээ.

Францын нийслэл Парис хотод мөн иргэдийн жагсаал болжээ. Украины эсрэг халдан довтолсныг эсэргүүцэж байгаа иргэд Парис хот дахь ОХУ-ын ЭСЯ-ны гадна цуглаж, Москваг Киевийн эсрэг түрэмгийлсэн алхмаа нэн даруй таслан зогсоохыг шаардсан байна.

Түүнчлэн Польшийн нийслэл Варшав хотноо мөн иргэдийн жагсаал цуглаан болж, энэ улсад ажиллаж амьдардаг Украины иргэд нэгджээ. Тэд Варшав хот дахь Оросын элчингийн гадна цуглаж, Украин дахь цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардан, гэм зэмгүй иргэдийн амь нас хохирч байгааг эсэргүүцжээ. Энэ мэтчилэн Оросын эсрэг жагсаал цуглаан Рига, Таллин, Осло, Барселон зэрэг Европын хотуудад өрнөжээ.