Технологи

Америкийн Cygnus сансрын хөлөг ОУСС руу ээлжит ачаа хүргэхээр бямба гарагт амжилттай хөөрчээ. Cygnus сансрын хөлгөөр энэ удаад нийтдээ 3,7 тонн жинтэй эрдэм шинжилгээ судалгааны тоног төхөөрөмж, бусад ачааг ОУ-ын станц рүү хүргэж байгаагийн дотор сансрын нисэгчдийн тэсэн ядан хүлээж байгаа нэгэн зүйл байгаа юм. Энэ нь жигнэмэг хийх боломжтой тусгай зуух юм. 

Cygnus ачааны хөлөг өнөөдөр ОУСС-тай залгагдах юм. НАСА-ийн мэдээлж байгаагаас ОУСС-ыг зорин бямба гарагт хөөрсөн Cygnus ачааны хөлгийг пуужин зөөгч Antares хөлгийн тусламжтай дэлхийн тойрог замд гаргажээ. Cygnus хөлгийг олон улсын станцад ойртоход нь станцын Canadarm-2 гарын тусламжтайгаар барьж, хөлгийн тавцанд ойртуулан бэхлэх юм.

Cygnus ачааны хөлгөөр ОУСС дээр нийтдээ 3,7 тонн ачаа, тэр дундаа хоол хүн, тоног төхөөрөмж, мөн шинжлэх ухааны судалгааны материалуудыг хүргэж байна. Олон улсын станцад түүнчлэн Zero-G Oven зуух хүргэж, үүгээр сансрын нисэгчид өөрсдөдөө хоол хүнс, тэр дундаа жигнэмэг жигнэн идэх боломжтой гэнэ. Зуухыг жингүйдлийн байдалд ажиллах зориулалтаар тусгайлан зохион бүтээжээ. Cygnus ачааны хөлөг ОУСС дээр 2 сар гаруй саатаад улмаар станцаас салж, атмосферын хатуу бүсэд шатаах замаар устгалд оруулах юм.