Технологи

Эрдэмтэд дэлхийн агаар мандлын хамгийн чухал давхарга болох озоны давхаргад үүссэн цооролтын хэмжээ багасч байгаа талаар мэдээлж байна. Гэхдээ энэ нь хүн төрөлхтөний хүчин чармайлтын дүнд биш харин цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор ийм үзэгдэл явагдсан гэж үзэж байгаа юм.

  • Озоны давхарга гэдэг нь дэлхийн агаар мандал дахь озон (O3)-ы өндөр агууламж өндөртэй хэсэг юм. Дэлхий дээрх нийт озоны 90 орчим хувь нь энэ давхаргад, үлдсэн хувь нь газрын гадаргад байдаг. Озоны давхарга нь нарнаас дэлхийд ирж байгаа дунд зэргийн долгионы урттай хэт ягаан туяа (UV-B)-г өөртөө шингээж, шим мандал (биосфери) дахь хүн, амьтан, ургамлыг хамгаалж байдаг чухал хэсэг юм. Дэлхийн аль хэсэгт байхаас хамаарч озоны давхаргын хэмжээ харилцан адилгүй ба мөн жилийн улирлын турш хэмжээ нь өөрчлөгдөж байдаг. 

Тэгвэл озоны давхарга нь хүн төрөлхтөний буруу үйл ажиллагаа, агаар мандалд цацагдаж байгаа хорт хийн хэмжээ нэмэгдэхийн хирээр цоорч байдаг юм. Нэгэн үе озоны давхарга нимгэрч, цоорч байгаад эрдэмтэд улс орнуудын анхаарлыг хандуулан, аюулын харанга дэлдэж байсан бол өнөөдөр Өмнөд туйлын орчим дахь озоны давхаргын цооролтын хэмжээ багасчээ. Гэхдээ энэ нь хүн төрөлхтөн агаар мандалд цацагдаж байгаа хорт хийн хэмжээг буруулж байгаатай холбоогүй, харин цаг агаарын өөрчлөлттэй холбоотойгоор нөхөгдөж байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн агаар мандал дахь озоны давхаргын цооролтын дундаж хэмжээ 9,3 сая кв/км байгаа юм. Тэгвэл энэ үзүүлэлт өнгөрсөн 9-р сарын сүүлээр, 10-р сарын эхээр 20,7 сая кв/км болж тэлдэг байна. НАСА-ийн эрдэмтэн Пол Ньюман энэ үзэгдлийг байдаг үзүүлэлт гэдгийг тэмдэглэн, дэлхийн гадаргуу хангалттай озоноор хучигдсанаар хэт ягаан туяны нөлөө багасах талтай юм.

  • Озоны давхарга газрын гадаргаас 10-16 км-ийн өндрөөс эхэлж 50 км-ийн өндөр хүртэл тархаж тогтон, 20-30 км-т хамгийн их агууламжтай байдаг. Озоны молекул нь нарнаас ирэх өндөр энергитэй хэт ягаан туяа болон агаар мандал дахь хүчилтөрөгчийн молекул хоорондын үйлчлэлээр бий болдог.

Иймээс нарны гэрэл хамгийн их тусдаг экваторын бүсэд озон хамгийн ихээр бий болдог ч давхраат мандлын агаарын урсгал буюу Брювер Добсоны урсгал (en. Brewer Dobson circulation)-ын нөлөөгөөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд, хойд хагас руу зөөгддөг байна. Үүний нөлөөгөөр давхраат мандлын озоны агууламж экваторын бүсэд хамгийн бага, туйлын бүсэд хамгийн их байдаг гэж эрдэмтэд тайлбарладаг юм.