Буркина-Фасод исламын дайчид халдлага үйлджээ

Үйл явдал

Баруун Африкийн Буркина-Фасод жихадын зэвсэгт дайчид Нигер улстай хил залгаа байрлах Команжари мужийн Кодил тосгон руу халджээ. Буркина-Фасогийн зүүн хэсэгт байх энэ газарт болсон халдлагын улмаас 30-аад хүн алагдсан байна.

Орон нутгийн албаны хүний ярьснаар зэвсэглэсэн этгээдүүд тосгоныг бүслэн, иргэдийн орон гэр лүү халдаж, хүмүүсийн аминд хүрч байжээ. Түүнчлэн халдлагын гэрчийн мэдэгдсэнээр мотоцикл болон гурван дугуйт, мөн пикап машин хөлөглөсөн 100-аад зэвсэгт этгээд тосгон руу нэвтэрчээ. Буркина-Фасогийн цэрэг арми дайн тулааны үйл явцад муу бэлтгэгдсэн ч чадлынхаа хирээр алан хядах Аль Каида болон Исламын улс бүлэглэлийн жихадын зэвсэгт дайчдын эсрэг тэмцэж байгаа юм. Буркина-Фасод өрнөж байгаа дотоодын эмх замбараагүй байдлын улмаас энэ улсад хэдэн мянган хүн амиа алдаж, сая гаруй хүн улс орноосоо дүрвээд байна. Өнгөрсөн онд армид сайн дурынхан дэмжлэг туслалцаа үзүүлж байсан ч исламын зэвсэгт дайчид иргэдийг цэрэг армийн талд орсных нь төлөө залхаан цээрлүүлж, халдах болжээ. Энэ удаагийн халдлагад өртсөн Кодил тосгоны иргэд ч мөн адил армид дэмжлэг үзүүлж байсныхаа төлөө ийнхүү цээрлэл хүртжээ.