Японд цар тахлын халдварын тохиолдол нэмэгдсээр байна

Үйл явдал

Хүн төрөлхтөний спортын наадам Олимпийн наадам болж байгаа арлын Японд коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Сүүлийн нэг хоногт Японд цар тахлын 10, 743 тохиолдол илэрсэн талаар энэ улсын албаны хүмүүс мэдээлжээ.

Японы ерөнхий сайд Ёшихидэ Суга улс орондоо цар тахлын халдварын нөхцөл байдал гаарч байгаагаас дахин 4 мужид онцгой байдал тогтоож, хөл хорионы журмыг чангатгасан байна. Олимпийн нийслэл болоод байгаа Токио хотын эргэн тойрны бүс нутаг, Японы баруун хэсгийн Осакад цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор онцгой байдал тогтоогоод байна. Гэхдээ Японд тогтоож байгаа онцгой байдлын журам харьцангуй сул байгаа юм. Иргэдийг ажлаа боломжтой бол алсын зайнаас хийхийг зөвлөж байгаа ч гадуур гарахыг нь хориглоогүй байна.

Токио хотод Олимпийн наадамтай холбоотойгоор онцгой байдлын дэглэм эртнээс мөрдөгдөж байгаа юм. Токиод сүүлийн нэг хоногт цар тахлын 3,300 тохиолдол илэрчээ. Тэгвэл Олимпийн наадамтай холбоотой коронавирусний халдварын тохиолдол 27 илэрсэн байна. Ингэснээр Олимпийн наадамтай холбоотой цар тахлын нийт халдварын тоо 200-д хүрчээ.