Катар Улс Афганистан руу нисэхийн мэргэжилтнүүд, техникийн багаа илгээжээ

Үйл явдал

8-р сарын 31-нээр тасалбар болгон АНУ-ын цэргийн хүчин Афганистаныг орхин гарсан. Америкийн цэргүүд Кабулын нисэх буудлыг сүүлийн мөч хүртэл хяналтандаа байлгаж, аюулгүй байдлыг нь сахин хамгаалж байсан ч цэргээ гаргаж, нүүлгэн шилжүүлэх үйл явц дуусгавар болсноор Афганистаны олон улсын нисэх буудал бүхэлдээ талибанчуудын мэдэлд шилжсэн юм.

Тэгвэл Кабулын нисэх буудал Талибанчуудын мэдэлд шилжсэнээс хойш энэ сарын 2-нд анх удаа Афганистаны нийслэлд гаднаас онгоц буужээ.

Кабулын нисэх буудалд Пүрэв гарагт Qatar Airways агаарын тээврийн компанийн онгоц газардсан байна.

Талибаны бүлэглэлийн мэдээлснээр энэ онгоцоор Катарын иргэний нисэхийн техникийн албаны мэргэжилтнүүд Афганистанд буусан байна. Катар улс Афганистан руу нисэхийн мэргэжилтнүүд, техникийн багаа илгээн Кабулын олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, техникийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх юм. Улмаар Кабулын олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг сэргээх боломжийг судлан, ажиллагаанд оруулах явцад дүн шинжилгээ өгнө.