Арабын Нэгдсэн Эмират улсаас Афганистанд зориулж хүмүүнлэгийн тусламжийн ачаа хүргэжээ

Үйл явдал

Арабын Нэгдсэн Эмират улсаас Афганистанд зориулж хүмүүнлэгийн тусламжийн ачаа хүргэжээ. Талибанчуудад эзлэгдэн, эдийн засгийн маш хүнд нөхцөл байдалд байгаа Афганистаны ард түмэнд зориулж Арабын Нэгдсэн Эмиратаас хүмүүнлэгийн буцалтгүй тусламж илгээж байгаа юм. 

Афганистанд үүсээд байгаа улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, хүмүүнлэгийн гамшгаас гадна энэ улсад удаан хугацаагаар үргэлжилж байгаа ган гачиг, цар тахлын халдварын улмаас нөхцөл байдал хүндэрчээ.

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн мэдээллээр Афганистаны хүн амын 90% нь хоол хүнсний дутагдал, гачигдалтай нүүр тулгараад байгаа юм. Тиймээс Арабын Нэгдсэн Эмират энэ сарын 3-наас эхлэн Афганистан руу хүмүүнлэгийн агаарын коридороо нээж, эхний ээлжинд 255 тонн хоол хүнс, эм тариа хүргэжээ.

Өнөөдрийн байдлаар Арабын Нэгдсэн Эмиратаас Афганистан руу бараг өдөр бүр нислэг үйлдэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Афганистанд Арабын Нэгдсэн Эмиратаас хуурай сүү, ургамлын тос, эм тариа зэргийг ачсан хоёр онгоц газарджээ.