Иран Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 9 дэх байнгын гишүүн орноор элслээ

Үйл явдал

Иран улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 9 дэх бүрэн эрхт гишүүн улс орноор элсчээ. Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг тив дэлхий, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг эрх тэгш хөгжүүлж, харилцан итгэлцэл дээр тулгуурласан шударга харилцааг эрхэмлэгч, энхтайвныг цогцлоох зорилгоо нээх боломж олгогч байгууллага гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Иран улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад бүрэн эрхт гишүүний хувиар нэгджээ. Тажикистаны нийслэл Душанбе хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Иран улсыг энэ байгууллагад нэгтгэх асуудлыг хэлэлцэн, гишүүн орнуудын 100 хувийн дэмжлэгтэйгээр элсүүлсэн байна.

Ингэснээр Иран улс албан ёсоор Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 9 дэх бүрэн эрхт гишүүн улс орон болжээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь 2001 оны 6-р сарын 15-нд байгуулагдсан юм. Тухайн үед энэхүү байгууллагыг Казахстан, Хятад, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан гэсэн 6 улс орон нэгдэн байгуулж, улмаар 2017 онд эгнээндээ Энэтхэг болон Пакистан улсыг нэгтгэжээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Афганистан, Беларусь, Монгол улсууд ажиглагчийн статустайгаар мөн нэгддэг байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гол зорилго нь улс орон, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хангах, гишүүн улс орнуудыг нэгтгэн алан хядлага терроризм, салан тусгаарлах үйл явц, хууль бус хар тамхины наймаатай тэмцэх, мөн эдийн засаг, шинжлэх ухаан, нийгэм, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх  явдал юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улс орнуудад дэлхийн нийт хүн амын 3,4 тэрбум нь харъяалагдаж байгаа юм.