Эмэгтэйчүүд үр хөндөлтийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байгааг эсэргүүцсэн байна

Үйл явдал

Америкийн нийслэл Вашингтон хотноо энэ амралтын өдөр “Эмэгтэйчүүдийн марш” нэртэй жагсаал болжээ. Байден Цагаан ордныг тэргүүлснээс хойшхи хугацаанд өрнөсөн анхны жагсаалын үеэр эмэгтэйчүүд үр хөндөлтийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байгааг эсэргүүцсэн байна. 

Вашингтон хотноо болсон жагсаалд хэдэн зуун хүн нэгдэж, улсынхаа Дээд шүүх хүртэл жагсаалаараа явжээ. Америкийн Дээд шүүх Техас мужид үр хөндөлтийн хуулийг чангатгах шийдвэр гаргасныг дэмжиж, улмаар иргэдээс ирсэн гомдлыг хүлээн авахаас татгалзсан юм.

Тэгвэл үр хөндөлтийн тухай хуулийг чангатгахыг эсэргүүцэн эмэгтэйчүүд зөвхөн нийслэл Вашингтон төдийгүй мөн томоохон хотуудад нэгдэн жагсчээ. Техас мужийн нийслэл Остин хотод эмэгтэйчүүдийн жагсаал цуглаан өнгөрсөн 9-р сараас хойш үргэлжилсээр байгаа юм.

Техас мужид Америкийн бусад мужаас үр хөндөлттэй холбоотой хамгийн хатуу хууль журам мөрдөгддөг байна.

Тухайлбал 6 долоо хоногоос хэтэрсэн үед үр хөндөлт хийхийг хориглодог байна. Үүнийг эсэргүүцэгчдийн үзэж байгаагаар хуулийн заасан зүйл заалт нь үр хөндөлтийг хориглож байгаатай адил гэж үзэж байгаа юм.