“Умардын урсгал-2” байгалийн хийн хоолойд хий шатаж эхэллээ

Үйл явдал

Оросын Газпром компани “Умардын урсгал-2” байгалийн хий дамжуулах хоолойн эхний хоолой руу хий шахаж эхэлжээ.

Хэдийгээр стратегийн энэхүү объектыг барьж байгуулахыг Америк, Украины талууд эсэргүүцэж байсан ч Оросын тал Украины нутгийг тойруулан “Умардын урсгал-2” хоолойг барьж ашиглалтанд оруулан, цаашлаад Европын улс орнууд руу байгалийн хий нийлүүлэхэд бэлэн болжээ.

Оросын тал “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг техникийн хувьд ажиллагаанд бэлэн болгож, одоо Германы талаас албан ёсны сертификат хүлээж байгаа гэнэ.

Балтийн тэнгисийн усаар дамжуулан 3 жилийн хугацаанд барьж байгуулсан хийн хоолойн барилгын ажил 9-р сарын 10-нд дуусгавар болсон юм. Тэгвэл Оросын Газпром компани шинээр барьж ашиглалтанд оруулсан хийн хоолойг ажиллагаанд оруулахаар бэлтгэж, хоолойд хий шахаж эхэлжээ. “Умардын урсгал-2” хийн хоолойн эхний хоолой байгалийн хий шахаж, нийлүүлэх бүхий л зөвшөөрлөө авчээ. Тиймээс ойрын хугацаанд багтаан хийн нийлүүлэлтээ эхлүүлэхээр төлөвлөөд байна.