COP26: Эрчим хүчний хамаарлын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй

Үйл явдал

Шотландын Глазго хотод НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх олон улсын бага хурал өнөөдөр ажлаа өндөрлөж байна. 

COP26 уулзалт өндөрлөхтэй зэрэгцээд дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн үүрэг амлалтуудаа биелүүлж эхлэх цаг ирснийг давхар анхааруулж байна. Энэ талаар НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш сануулахын зэрэгцээ эрчим хүчний салбар луу чиглэсэн хөрөнгө оруулалтаа таслахгүй байхыг хүсчээ. 

Антониу Гуттериш мэдэгдэлдээ:

-Дэлхийн улс орнуудын тэргүүлэгчид хуран цуглаж асуудлаа хэлэлцэхдээ гарц гаргалгаа олж, олон амлалт өгдөг. Гэвч уулзалтаа өндөрлөн тарж одоцгоохдоо тэдгээр амлалтаа мартдагийг бид болиулах нь чухал. Тиймээс дэлхийн удирдагчдад хандан тэдний өгсөн үүрэг амлалтыг дахин сануулах нь зүйтэй гэжээ.

НҮБ-ын тэргүүн түүнчлэн улс орон бүр, дэлхийн хот бүр, үйлдвэрлэл явуулж байгаа компаниуд, санхүүгийн байгууллага гэхчлэн шат шатны нэгжүүд дор бүрнээ хүн төрөлхтөний нэгдмэл асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа төвлөрүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэсэн байна.

COP26 уулзалтын үеэр дэлхийн улс орнууд агаарын температурыг 21-р зуунд 1,5 градуст барьж, Парисын уур амьсгалын гэрээнд заагдсан нөхцлүүдийг дагаж мөрдөхийг гол зорилгоо болгожээ.