Оросын энхийг сахиулагчид Казахстанаас гадны аялагч жуулчдыг нүүлгэн шилжүүлж байна

Үйл явдал

Казахстанд өрнөсөн дотоодын үймээн самуун, эмх замбараагүй байдлын улмаас Төв Азийн энэ улсад хаа сайгүй нөхцөл байдал тогтворгүйтсэн.

Төв Азийн үсрэнгүй хөгжилтэй Казахстан улсад болсон үймээн самууны улмаас энэ улсад аялж жуулчлахаар ирсэн гадны иргэдийн аюулгүй байдал алдагдахад хүрсэн. Тэгвэл Оросын энхийг сахиулах хүчин Казахстанаас гадны иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. 

Казахстаны хотуудад эмх замбараагүй байдал намжиж, нөхцөл байдал эргээд хэвийн байдалд орж байгаа ч энэ улсаас гадны жуулчид явах хүсэлтэй байна. Тухайлбал Казахстанд байгаа Оросын 1,600-аад иргэн эх орондоо буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ дагуу Оросын батлан хамгаалах яамнаас тусгай онгоц гарган, иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Оросын Интерфакс агентлагийн мэдээлснээр цэргийн 3 онгоцоор нүүлгэн шилжүүлэх үйл явцыг гүйцэтгэхээр болжээ. Түүнчлэн Оросын батлан хамгаалахын яамны мэдээлснээр Казахстанд жуулчлахаар очсон Оросын иргэдийн эхний хэсгийг Чкаловскийн нисэх буудалд хүргэсэн байна.