Германы Гейдельбергийн их сургуульд буун дуу хаджээ

Үйл явдал

Германы баруун өмнөд хэсэгт байрлах Гейдельбергийн их сургуульд буун дуу хадаж, халдлага үйлдсэн байна. 

Халдлагыг үл мэдэгдэх эрэгтэй үйлдэн, их сургуулийн лекцийн танхимд галт зэвсэг барин нэвтэрч 1 хүний аминд хүрэн, 3 хүнийг шархдуулсан байна. 

Германы цагдаагийн албаны мэдээллээр галт зэвсэг барьсан этгээд их сургуулийн барилга руу нэвтэрч, улмаар лекцийн танхим руу орж гал нээсэн байна. Халдлага үйлдсэн этгээд нь Гейдельбергийн их сургуульд суралцдаг оюутан байжээ.Тэрээр гартаа урт амтай буу барин халдлага үйлдсэн байна. Түүний суманд оногдон нэг эмэгтэй оюутан амиа алдаж, өөр 3 хүн шархаджээ. Халдагч этгээд сүүлд өөрийгөө егүүтгэсэн байна. Тэрээр ямар зорилгоор ийнхүү халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа ч ямар нэгэн шашны болон улс төрийн зорилго агуулаагүй, алан хядах ажиллагаа байгаагүйг тогтоожээ.