Мали Улсын иргэд Францын цэрэг нутаг дэвсгэрээс нь гарч эхэлсэнд баярлан хөөрцөглөлөө

Үйл явдал

Баруун Африкийн Мали улсын иргэд Франц улс улсынх нь нутаг дэвсгэрээс цэргээ гаргаж эхэлсэнд баярлан хөөрцөглөж байна.

Франц улс Малигаас цэргийн хүчнээ гаргах тухайгаа өнгөрсөн долоо хоногт  мэдэгдсэн юм. 2013 оноос хойш Франц улс Европын бусад Холбоотон орнуудын оролцоо дэмжлэгтэйгээр Африкийн Сахель дахь жихадын бүлэгтэй тэмцсээр иржээ. 

Тэгвэл Малид болсон цэргийн эргэлтийн дараа Баруун Африкийн улс орны засгийн эрхэнд гарсан цэрэг армийнхан болон Францын талын харилцаа таагүй болсон юм.  Улмаар Малигийн одоогийн шилжилтийн засгийн газартай үүсээд байгаа үл ойлголцлын улмаас Франц улс энэ улсаас цэргийн хүчнээ гаргахаар шийдвэрлэсэн байна.

Франц улс Холбоотон орнуудын хамтаар олон улсын терроризмын эсрэг “Такуба” нэгдсэн ажиллагаа явуулж, Малид цэргийн хүчнээ оруулаад байсан юм.Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн долоо хоногт Елисейн ордонд Европ, Африкийн улс орнуудын тэргүүлэгчдийг хүлээн авч уулзах үеэрээ Малигаас цэргийн хүчнээ гаргахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгджээ.