Украины цэргийн объект, хотууд Оросын цохилт дайралтад өртөж байна

Үйл явдал

Украин улс ОХУ-ын тал улсынх нь нутаг дэвсгэр лүү цэргийн цохилт дайралт хийж байгааг “булаан эзлэх зорилго бүхий дайн” гэж нэрлэж байна. АНУ болон Их Британи улсууд мөн Оросын үйлдлийг Украины газар нутаг руу халдан довтолсон явдал гэж үзэж байна.

Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб улс орондоо болж байгаа үйл явцын талаар шуурхай мэдээлж байна. Тэдний мэдээлж байгаагаар Оросын цэргийн хүчин улсынх нь цэргийн дэд бүтцийн объектууд, түүнчлэн нисэх буудлуудын эсрэг цохилт дайралт өгч байна. 

Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабаас гаргасан мэдэгдэлд: -Өнөөдөр, 2-р сарын 24-ний өдөр, үүрийн 05 цагт ОХУ-ын зэвсэгт хүчин манай улсын зүүн хэсэг дэх цэргийн объектууд руу агаараас пуужингийн цохилт дайралт өгч эхэллээ. Украины Борисполь, Озерный, Кульбакин, Чугуев, Краматорск, Чернобаевк дахь агаарын цэргийн нисэх буудлууд, мөн Украины зэвсэгт хүчний цэргийн объектууд Оросын талаас цохилт дайралтад өртлөө. Түүнчлэн халдан довтлогч тал манай улсын хилийн бүс дагуух газар нутаг, суурин газруудын эсрэг артиллерийн зэвсгээр гал нээж байна гэжээ.

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин гадны халдан довтогчдын өгсөн агаарын цохилтыг сөрөн зогсч, хариу цохилт өгч байна. Украины зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд байлдааны бэлэн байдалд шилжиж, нөхцөл байдлыг хяналтандаа авахыг зорьж байна гэжээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Украины эсрэг “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлэх талаар хийсэн мэдэгдлийн дараа Украины Киев, Харьков, Одесса, Херсон болон бусад хотуудад халдлага дэлбэрэлтүүд болж байгаа талаар мэдээлж эхэлсэн юм. 

Украины Аюулгүйн зөвлөлийн ерөнхий нар. б. дарга Алексей Даниловын мэдээлснээр Оросын цэргийн цохилт дайралтад цэргийн болон дэд бүтцийн объектууд өртжээ. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский улс орондоо байлдааны бэлэн байдал зарлажээ. 

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар тэдний цэргийн хүчний явуулж байгаа ажиллагааны дүнд Украины цэргийн дэд бүтэцтэй холбоотой объектууд, ПЭХС-үүд, цэргийн нисэх буудлууд, Украины армийн агаарын хүчнийг устгаж байгаа юм. Америкийн CNN телевизийн мэдээлж байгаагаар Оросын агаарын цохилтын улмаас хэдэн зуун хүн өртжээ. 

Түүнчлэн Украин улс агаарын хилээ хааж, Оросын Украинтай залгаа өмнөд муж тойрогт иргэний нислэгүүдийг зогсоожээ. 

Украины хил хамгаалах албаны мэдээлж байгаагаар Орос-Беларусийн талаас Оросын цэргийн хүчин улсынх нь хил рүү цөмрөн оржээ. Украины улсын хилээр орон нутгийн цагаар үүрийн 05 цагийн алдад Орос болон Беларусийн талаас цөмөрч, хилийн бүс нутаг дагуу цэргийн ажиллагаа идэвхжин, артиллерийн болон хүнд техникийн, галт зэвсгийн дайралт хийжээ. Эдгээр халдлага дайралт Луганск, Сумск, Харьков, Чернигов, Житомир зэрэг муж тойрогт бүртгэгджээ. Түүнчлэн Оросын цэргийн хүчний дайралтыг мөн Крымын автономит бүсийн нутгаас ч хийж байгааг тэмдэглэж байна.