Бельгид багт наадмын үеэр цугласан олныг машинаар дайрсан хэрэг гарчээ

Үйл явдал

Бельгийн Валлония мужийн Стрепи-Бракеньи хотод зохиогдож байсан багт наадмын үеэр золгүй явдал болж, цугласан олныг машинаар дайрсан хэрэг гарчээ. Улмаар 6 хүн газар дээрээ нас барж, арваад хүн гэмтэж бэртсэн байна. 

Энэ явдал багт наадам эхлэхээс өмнө өглөө эрт болжээ. Бельгийн эрх баригчид болсон хэрэг явдлыг халдлага байсан гэж одоогоор үзэхгүй байгаа ч хүмүүсийг дайрсан машин дотор байсан 2 хүнийг саатуулан шалгаж байна. Багт наадмын бэлтгэл ажлыг хангахаар өглөө эрт 150 гаруй хүн цуглан ажиллаж байжээ. Тэдэн рүү үүрийн 5 цагийн алдад 100 км/цагийн хурдтайгаар нэгэн машин дайрч орж ирсэн байна. Улмаар гэм зэмгүй хүмүүс золгүйгээр амиа алджээ. Стрепи-Бракеньи хотод цар тахлын халдвараас хойш анх удаа олныг хамарсан арга хэмжээ, багт наадам зохион байгуулахаар бэлтгэж байсан нь ийнхүү хойшлогджээ.