Копенгаген хотод олныг сэрдхийлгэсэн балмад явдал болж, томоохон худалдааны төвд буун дуу гарчээ

Үйл явдал

Данийн нийслэл Копенгаген хотод ням гарагт олныг сэрдхийлгэсэн балмад явдал болж, томоохон худалдааны төвд буун дуу гарчээ. Копенгагены Фийлдс худалдааны төвд үл мэдэгдэх этгээд галт зэвсгээр гал нээж, улмаар орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлснээр 3 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ. Сүүлд тодорхой болсноор халдлагыг Данийн иргэн 22 настай эрэгтэй үйлдэж, түүний үйлдлийг санаатай халдлага болохыг үгүйсгэхгүй байна. 

Копенгаген хотын цагдаагийн албаны даргын мэдээлснээр халдлагад хичнээн хүн өртсөн талаарх тодорхой тоо баримт нэрлэх одоогоор боломжгүй байна. Эмнэлгүүд өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байгаа гэнэ. Худалдааны төвд буун дуу гарах үед дотор нь байсан зуугаад хүн үүд рүү гарахаар зүтгэжээ. Гал нээсэн этгээд хүмүүс рүү чиглүүлэн гал нээж байсан гэж гэрчүүд ярьжээ. Буун дуу чухам хэзээ эхэлснийг тодорхой мэдээлээгүй байгаа ч ойролцоогоор орон нутгийн цагаар 17 цаг 35 минутын алдад цагдаад эхний дуудлага иржээ. Хэргийн газар очсон цагдаа нар 22 настай эрэгтэйг баривчлан саатуулжээ. Түүний винтов буу болон сумыг хураан авч, түүнийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Халдлага болсон худалдааны төвийн дэргэдэх Royal Arena-д Британийн дуучин Гарри Стайлзын тоглолт болохоор бараг 17 мянган үзэгч цуглаад байсныг тарааж, тоглолтыг хойшлуулжээ. Түүнчлэн Данийн эрх баригчид “Тур де Франс” олон өдрийн дугуйн уралдааны эхний 3 үе шат дууссантай холбоотой зохион байгуулах гэж байсан ёслолын ажиллагааг цуцалжээ. 

Данийн хатан хаан 2-р Маргрете, ханхүү Фредерик нар болсон хэрэг явдалд харамсч байгаагаа илэрхийлэн, эмгэнэл илэрхийлжээ. Түүнчлэн Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен мөн эмгэнэл илэрхийлж, ард иргэдээ эв нэгдэлд уриаллаа.