Даваа гарагийн үүрээр Туркийн өмнөд хэсэгт 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Байгалийн гамшгаар нийт амиа алдагсдын тоо 118-д хүрч улам нэмэгдсээр байгаа юм.
Чичирхийлэлт ойролцоогор 1 минутын турш үргэлжилсэн бөгөөд Туркийн зүүн өмнөд хэсгийн хотуудад олон тооны байшин барилга нурж, доор нь иргэд гацсан байдалтай байгааг Туркийн аюулгүй байдлын албаныхан мэдээлж байгаа юм. Тус улсын хамгийн том хот Истанбулаас 1000 гаруй эрэн хайх, аврах сайн дурынхныг илгээсэн байна. Газар хөдлөлт мөн Кипр, Ливан, Сири улсуудад мэдрэгджээ.
Туркийн Дотоод хэргийн сайд Сулеимон Сойлу газар хөдлөлтөд 10 хот нирвэгдсэн гэж мэдэгдсэн байна. Чичирхийлэлт улсын нийслэл Анкара болон бусад хотод мөн мэдрэгджээ.
Газар хөдлөлт болсон бүс нутаг даяар олон тооны барилга байшин нурж, иргэд дарагдсан гэх мэдээлэл байна. Туркийн 100 жилийн хамгийн хүчтэй газар хөдлөлтөд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр ойролцоогоор 76 хүн амиа алдаж, 400 гаруй хүн шархдсан бол, хилийн өмнөд хэсэгт- Сири-д 42 хүн амь үрэгдэж, 200 хүн бэртсэн тоо гэх байгаа юм.
Германы геошинжлэх ухааны судалгааны төвөөс газар хөдлөлт Туркийн өмнөд хэсгийн Кахраманмараш хотын ойролцоо 10 км-ийн гүнд болсон гэж мэдэгдсэн бол Европ-газар дундын тэнгисын газар хөдлөлтийн төв цунами үүсэх магадлалыг үнэлж байгаа юм. Туркийн онцгой байдлын удирдах газар, Кахраманмараш болон Сирийн хилийн ойролцоо орших Газиантеп хотод 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг мэдэгджээ. Газар хөдлөлт Сири, Ливан, Кипр улсуудад мөн мэдрэгдсэн. Сирийн төрийн мэдээллийн агентлаг Алеппо мужид олон тооны барилга нурсан гэж мэдээлсэн бол, Хама мужийн засаг захиргааны газраас мөн хэд хэдэн барилга нурсанг хэлж байгаа юм. Дамаск, түүнчлэн Ливаны Бейрут болон Триполи хотын иргэд гудамжинд гарч, автомашиндаа суун барилгаас аль болох холдож байсан гэж гэрчүүд мэдээлсэн байна. Энэ хэсэг хүчтэй газар хөдлөлтөд үе үе өртдөг байна. Туркийн улаан загалмайн тэргүүн ноцтой эвдрэл, нурсан барилгуудын тухай мэдээлэл авсан тул тус бүс нутагт нөөц хүчээ дайчлан ажиллаж байгаагаа мэдэгдээд, газар хөдлөлтөс нэрвэгдсэн байшингуудаас түргэн нүүхийг иргэдэд уриалжээ.