Киргиз, Тажикистаны талууд галаа зогсоож, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тогтлоо

Улс төр

Киргиз болон Тажикистаны хилийн бүсэд буун дуу хадаж, хоёр улсын хил орчмын “Головной” нэртэй усан сангийн дэргэд буудалцаан болсон. Тэгвэл сөргөлдөгч талууд галаа зогсоож, хямралын бүсээс харилцан цэрэг дайчдаа  гаргахаар тохиролцжээ.

Киргиз болон Тажикистаны талууд Ак-Суу голын усны эх ундарга дээр байх “Головной” усан сангийн ойролцоо хоорондоо дайтсан юм. Хоорондын хилийн маргаан Тажикийн хилчид усан сангийн ойролцоо хяналтын камер зоохыг хүсч, Киргизийн иргэд үүнийг эсэргүүцсэнээс болж дэгджээ. Улмаар энэхүү маргаан зөрчилд хоёр улсын хилчид татан оролцож, улмаар хоорондоо галт зэвсгээр гал нээн дайтахад хүргэжээ. Зэвсэгт мөргөлдөөний улмаас 31 хүн амиа алдсан байна. Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров цаашид хилийн бүс дэх үл ойлголцлыг цэргийн хүчээр шийдэхээс зайлсхийж, сөргөлдөгч талаа асуудлаа яриа хэлэлцээрийн ширээний ард суун шийдвэрлэхэд уриалжээ. Энэ зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулах санал тавьжээ. Садыр Жапаров ийнхүү уриалахдаа Тажикистаны талаас хилийн маргааны үеэр учруулсан хор хохиролын төлөө нөхөн төлбөр шаардахгүй гэдгээ мэдэгдэж, хилийн энэ мэтчилэн үймээн самууныг эв зүйгээр шийдэхгүй бол бүс нутгийн аюулгүй байдал, цаашлаад улс орны бүрэн бүтэн байдалд аюул заналхийлэл учруулах болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тажикистаны тал энэхүү уриалгыг хүлээн авч, энэ улсын ерөнхийлөгч Эмомали Рахмонов цаашид аливаа асуудлаа эв зүйгээр шийдэх нь зүйтэй гээд хамтарсан ажлын хэсэг байгуулах санаачлагыг дэмжжээ. Талууд хамтарсан ажлын хэсэгт хилийн зурвас, тэмдэг тэмдэглэгээг шинээр тогтоож, таних тэмдэг, хилийн багана байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Киргиз болон Тажикистаныг 980 км урт үргэлжлэх хилийн шугам холбодог юм. Эдгээрээс бараг 400-аад км газарт хилийн ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байдаггүй байна. Тиймээс хилийн бүс дагуу ямар нэгэн үл ойлголцлоос болж мөргөлдөөн гарах нь элбэг тохиолддог юм.