Эрдоган: Кипр бие даасан хоёр улс орон байх учиртай

Улс төр

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган даваа гарагт Хойд Кипрын Туркийн БНУ-д 2 хоногийн айлчлал хийжээ. Тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхагласан бүс нутагт айлчлах үеэрээ Эрдоган Кипр улс нь бие даасан тусгаар хоёр улс болох нь зүйтэй гэдгийг онцлон мэдэгдсэн байна.

Туркийн ерөнхийлөгчийн Кипрын хойд хэсэгт хийсэн айлчлал 1974 онд Туркийн цэрэг дайчид Кипр арал руу халдан довтолсны 47 жилийн ойтой давхацжээ. Эрдоган замд мордохынхоо өмнө Кипр улс нь бие даасан хоёр тусгаар улс болох нөхцөлтэйгээр Кипрын энхийн үйл явцыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн мэдэгдэл хийсэн байна. Кипр улс нь 1974 онд Туркийн тал зэвсэглэсэн дайралт хийснээс хойш Туркийн болон Грекийн гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байгаа юм.

Хэдийгээр Кипрыг нэгдсэн нэг улс орон байлгахын төлөө олон жил энхийн яриа хэлэлцээр явуулж байгаа ч Кипрын Туркийн тал 1983 онд бие даан тусгаар тогтнолоо зарлаж, өнөөг хэр үүнийг зөвхөн Турк улс дангаар хүлээн зөвшөөрдөг байна. Туркийн халдан довтолгооны дараа Кипр арлын нутаг дэвсгэрийн 37%-ийг эзлэн байрлах Туркийн тал  Хойд Кипрын Туркийн БНУ гэж нэрлэн, тусгаар тогтнолоо бие даан зарласан юм.